Wednesday, May 8, 2019

ЗАЛХСАН ИТГЭГЧДЭД ХЭЛЭХ ХЭДЭН ҮГ




"Цуглаанд явахаас залхаж байна. Ядарч байна. Бөөн хоёр нүүртнүүдийн дунд амьдрахаас залхаж байна. Энэ цуглааны юу нь ч надад таалагдахгүй байна. Илүү өөр, шинэлэг орчинтой, хүчирхэг номлол, оршихуйтай магтаалтай, өөрийн гэсэн байртай, машины зогсоолтой, кофе цай өгдөг ч юмуу ямар нэг юм хэлэн дээр тавьчих чадвартай, хааяа тусламж хэрэгтэй үед тусалчих санхүүгийн боломжтой, намайг байгаагаар минь хүлээн авдаг чуулганд явмаар байх юм. Одоогийн цуглаандаа би ямар ч нэр хүндгүй, миний бүхий л амьдралын гэм буруу энэ хүмүүсийн нүдэнд ил болжээ. Нэг нуугдаж болох, хувийн амьдрал минь бүгдэд ил болчихгүй тийм л аюулгүй цуглаанд явмаар байна" гэх бодол зарим итгэгч нарт төрдөг байх. Энэ төрлийн хүмүүст ямар асуудал байна вэ? Бас ямар шийдэл байна вэ?

Ийм төрлийн итгэгчдэд 3 төрлийн асуудал голдуу байдаг мэт анзаарагддаг.

1. Тэд ЭЗЭНтэй хувийн дотно харилцаа байхгүй байх нь элбэг байдаг. Амьдралынх нь хүч чадлын эх сурвалж нь БУРХАН ЭЗЭН юм гэдгийг тэд ойлгоогүй учраас өөрийн хүч чадлаар ЭЗЭНийг дагах гэж оролджээ. Хэрэв итгэгч хүн Бурхантай хувийн дотно харилцаатай байвал сүнслэг цөлд ангаж хатаж, ядарч туйлдаж, залхаж уйдаж явахгүй л дээ. Харин цөл шиг амьдралаар тууллаа ч хүч тэнхээтэй, итгэл найдвар хадгалсан, амар тайван бөгөөд баяр хөөрөө хадгалсан хэвээр байдаг. Тиймд иймэрхүү байдлаас гарах эхний алхам бол ЭЗЭНТЭЙ байнгад Библи уншлага, залбирал, тунгаан бодох, ҮГийг амьдралдаа дагаж хэрэгжүүлэх тал дээр анхаарч амьдраарай.

2. Тэд ЭЗЭНийг амьдралынхаа ЭЗЭН болгоогүй байдаг. Есүст итгэж аврагдсан байж болно. Харин яагаад маш олон итгэгчид зан чанар, амьдралын үзэл бодол, аливаад хандах хандлагаараа урьдынхаараа байсан хэвээр байдаг вэ? Тэд ЕСҮСИЙГ амьдралынхаа ЭЗЭН болгож Түүний эрх мэдэл дор дуулгавартай, хүсэлтэй, даруухнаар амьдарч эхлээгүйтэй нь холбоотой байдаг. Хэрэв тэд Есүсийг ЭЗЭН болгосон л юм бол Түүний ҮГийн дагуу амьдралынхаа илүү дутууг засч тайрч, байх ёстой зөв хандлага, зан чанар, төлөвшилд хүрдэг. Тэд зан чанарын үр жимс ургуулж тэр үр жимс нь Христийн зан чанарыг илтгэдэг. Тэд үнэхээр өөрчлөгддөг. Тиймд хоёр дахь алхам бол Есүсийг амьдралынхаа ЭЗЭН болгож өөрийгөө сайн дураараа Түүний боол болго. Тэгсэн цагт л Үгэнд нь орох дуулгавартай бөгөөд даруу зан төрдөг юм. Христ биднийг итгэгч биш байхад байгаагаар минь хүлээн авсаан. Харин итгэгч болсны дараа Христтэй адилхан болохыг өдөр бүр шахаж шаарддаг юм. Өөрчлөгдөхгүй, эсвэл өөрчлөгдөх хүсэлгүй атлаа байгаагаар минь төрөлх занг минь зүгээр л хүлээн ав гээд байвал энэ нь итгэгч хүнд байх ёстой зан авир биш юм шүү.

3. Тэд ЧУУЛГАНТАЙ амьдралаараа холбогдоогүй байдаг. Чуулганыг тэд үйлчилгээний байгууллага, өөрийнх нь хэрэгцээг хангах ёстой буяны газар гэж ойлгосон байдаг. Эсвэл сүнслэг хоолны газар ч гэж ойлгоно. Тийм болохоор тэд үйлчлүүлэгч сэтгэлгээнээсээ салж өгөхгүй байнгад л юм нэхээстэй байдаг. Тэгвэл чуулган гэж юу вэ? Чуулган бол юуны түрүүнд Бурханы хүүхдүүд цуглардаг, амьдралаараа бие биетэйгээ холбогдсон, гэр бүл юм. Гэр бүлийнхэнд бие биенээсээ нуух юм байхгүй. Бүгд л бие биеийнхээ ноог мэддэг. Мэдлээ гээд нэр хүндгүй болчихгүй. Харин бусад нь засч, загнаж, чиглүүлж, хүмүүжүүлж, нөгөөх нь ч үгэнд нь орж, үглүүлж байж хүн болно. Гэр бүлдээ хүн зочин шиг суугаад байдаггүй. Харин гэр орныхоо ажлыг хийх үүрэгтэй байдаг. Хүн бүр хувиарласан үүрэгт ажлаа хийж бусдадаа үйлчилнэ. Тэгээд амтгүй ч гэсэн нэг л хоолоо бүгд таваглаж байгаад идэцгээнэ. Гэр бүлд асуудал их гарнаа. Тэглээ гээд гэр бүлээ хаядаггүй. Насаараа сайн муу бүх өдрүүддээ үхэн үхтлээ тэр гэр бүлийн гишүүн байдаг. Тиймд гурав дахь алхам бол чуулгандаа үнэнч бай. Чуулгандаа үйлчилж өөрийн чадах бүхнээ зориул. Төгс гэр бүл гэж байдаггүйн адил төгс чуулган гэж байхгүй. Чуулганаа сайн болгохын төлөө бусадтайгаа Христийг дагахад суралцаарай.

Та бид дээрх 3 алхмыг өдөр бүр хийж явахад уйдах, залхах, зугтмаар бодол төрлөө ч Христийн Үгэнд дуулгавартай явж улам илүү Христтэй адилхан болж төлөвшиж, Түүний алдарт чуулганыг босгон байгуулахад хувь нэмрээ оруулах учиртай. Тиймээ итгэгч байна гэдэг амаргүй. Гэхдээ үнэ цэнэтэй. Аугаа шагнал бүхий итгэлийн амьдралаа үргэлж амьд, эрүүл, хүчирхэг байлгахын төлөө тэмц, тун амархан урхиддаг нүглээс хол бай, бүү гомдолло, харин уучилж урагшил, тэгээд нэг л өдөр Түүний өмнө шүүгдэхээр очихдоо та бид сайн муу үйлсийнхээ төлөө Түүнээс шударга сануулга, шударга шагналаа хүлээн авах болно. Ялгуусан итгэгч болоорой! Түүний жинхэнэ дагалдагч байгаарай!

#Хуулсан_болно


Ж.Бадамдорж

No comments:

Post a Comment